Төслийн ерөнхий гүйцэтгэгч

“ЗАМЫН-ҮҮД ГЭГЭЭН НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ”-ЫН ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ХАМТАРСАН КОНСОРЦИУМ АЖИЛЛАЖ БАЙНА

2017.11.06
 

“Замын-Үүд Гэгээн нарны цахилгаан станц”-ын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “М-Си-Эс Интернэйшнл ХХК” болон “Шарп корпорац”-ийн хамтарсан консорциум  ажиллаж байна

Дорноговь аймгийн Замын-Үүд сум нь Улаанбаатар хотоос 750 гаруй км хэт алслагдсан сүлжээгээр дамжуулан эрчим хүчээр хангагддаг тул алдагдал ихтэй байдаг. Иймд тус нарны цахилгаан станц нь хэт алслагдсан шугамын төгсгөлд байгуулагдан сүлжээнд холбогдсоноор бүс нутаг дахь эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, хангамжийг сайжруулах, хэрэглэгчдийг чанартай, найдвартай эрчим хүчний хэрэглээгээр хангагдах боломжийг олгоно.

“Замын-Үүд Гэгээн нарны цахилгаан станц” ашиглалтад орсноор жилдээ 28 мянга орчим айлын хэрэглээтэй тэнцэхүйц цахилгааныг үйлдвэрлэх ба ингэхдээ эрчим хүчний үйлдвэрлэлээс үүсэх 800 гаруй мянган тонн хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулж, 27 мянга гаруй тонн түүхий нүүрс, 202 мянган тонн цэвэр усны хэрэглээг хэмнэх үр ашигтай юм.

Тус нарны цахилгаан станцыг 15 МВт-ын хүчин чадалтай байхаар төлөвлөсөн бөгөөд Япон улсын “Шарп корпорац”-ийн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий нарны дэлгэц, ХБНГУ-ын дэлхийд тэргүүлэгч “SMA” фирмийн инвертер зэргийг ашиглан, жилдээ 28.6 сая кВт.ц цэвэр эрчим хүчийг Монгол Улсын төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх урьдчилсан тооцоо хийжээ. Тус төслийн хөрөнгө оруулагчдаар Япон улсын “Шигэмицү Шожи” групп, “Шарп” корпорац, Монгол Улсын “Эрчим Тээг” компани, төсөл хэрэгжүүлэгчээр “Наран тээг” компани,  төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “М-Си-Эс Интернэйшнл ХХК” болон “Шарп корпорац”-ийн хамтарсан консорциум  ажиллаж байна. Төслийн бүтээн байгуулалтын хүрээнд 2017 оны 7-р сараас эхлэн 2018 оны 6-р сарын 30 хүртэл нийт 45 га талбайд нэгж бүр нь 320 Вт -ын хүчин чадалтай 51,840 ширхэг нарны дэлгэц, 10/110 кВ –н дэд станц, 6 км урт 2 хэлхээ бүхий 110 кВ -ын цахилгаан дамжуулах агаарын шугам барьж байгуулах юм.

Эх сурвалж: https://www.mcs.mn/news_archive